Wednesday, August 13, 2014

Эрүүл бус сэтгэлгээ

Хүн байгаа цагт сайн муу хослох нь ойлгомжтой. Хоорондын эрх ашгийн зөрчилөөс болж бүтэх бүтэхгүй юм олон тохиолдож, баярлах гомдох ээлжилж л таараа. Тэртээ тэргүй сайн муу хослох энэ хорвоод өөрсдөндөө зовлон нэмэх хэрэг юу байна. Жаахан эрүүл сэтгэж амьдралыг арай бодитой хардаг болчихвол өөрсдөөс шалтгаалах зовлон хамаагүй багасах юм шүү дээ. Эрүүл бус сэтгэлгээнээс үүдэлтэй эрүүл бус үйлдэл дэндүү олширчээ. Энэ чинь бидний хүсэхгүй байгаа тэр эрүүл бус нийгэм биш гэж үү? Эрүүл бус сэтгэлгээнээс л эрүүл бус нийгэм үүсэж бий болдог юм. Тиймээс эх оронч, үндсэрхэг үзэлтэн, монголоо гэх сэтгэлтэй хэн бүхэн ирээдүй хойч үе, эх орныхоо хөгжлийн төлөө тархиа жаахан цэнэглэж, эрүүл сэтгэлгээнд суралцвал тэр л хамгийн аугаа үйлс болох биз ээ. Түүнээс бус бусдын гавъяагаар сагсуурч цээжээ дэлдэх хэр нь хогоо гудамжиндаа хаяж, хүний хүнийг дээрэлхэн бахаа хангаж, сайн сайхны тухай ярьсан хэр нь өнөө маргаашийнхаа хоолны мөнгөний төлөө бусдын үнэ цэнийг уландаа гишгэх нь Монгол орныг минь хөгжүүлэхгүй бас Монголын ирээдүйг минь аврахгүй л болов уу.  

No comments:

Post a Comment