Сонголт бол тодорхой нэг цаг хугацаанд л байдаг. Сонголт нь энд байхдаа за гэчихээд, тэнд очоод өөрчилчихдөг орон зайн асуудал огтхон ч биш, зөвхөн цаг хугацааны асуудал. Монголд ийм асуудлаас болж хамтрагчидынхаа итгэлийг алдах явдал бизнест, ард түмнийхээ итгэлийг алдах асуудал улс төрд олон бий. Сонголт хийхээс өмнө аль дуртайгаа сонгох ЭРХ бий. Энэ эрхээ эдлэх нь хэний ч хувьд ЧӨЛӨӨТЭЙ. Харин СОНГОЛТ хийгдсэний дараа зөвхөн ХАРИУЦЛАГА л яригдана. Энэ бол аль ч нийгэмд, аль ч улсад, аль ч цаг үед өөрчилөгдөх ёсгүй зарчим. Тиймээс Сонголт хийхээсээ өмнө сайн бод, нэгэнт хийсэн бол буцах зам байхгүй. Хэрвээ буцах ЭРХ байдаг бол хүн хэмээх туйлбаргүй, туйлын залхуу тархитай амьтад хэзээ ч хөгжихгүй байсан. Тиймээс эрх чөлөөний асуудлыг эерэгээр, өөдрөгөөр бас хариуцлагатайгаар хүлээн авч сур. Ардчилал гэдэг чинь хүн төрөлхтний аз жаргалтай хамтын амьдралыг цогцлоох гэж бий болгосон тогтолцоо болохоос хөнгөн хүсэлдээ хөтлөгдөж урагшилдаг, хувиа хичээж бусдыг хохироодог, хатуу ширүүнээс айж хулгадаг, хариуцлага үүрэхээс зугатаж бултдаг бяцхан жаалуудын тоглоом биш. Эрх чөлөө хэмээх ойлголтыг ард түмэн урагшлахын тулд, хөгжихийн тулд, нягтран нэгдэхийн тулд ашигладаг болхоос ухрахын тулд, доройтохын тулд, хагарч бутрахын тулд ашигладаггүй л байх. Хэрвээ сөргөөр ашиглах аваас эрх чөлөөтэй байхын ашиг Монгол улсад үгүй. Ард түмэн өөрсдийн элчээ төр түшүүлэхээр томилж, хамтдаа харийн дарангуйлалгүй эрх дураараа, чөлөөтэй амьдрах чин хүсэлд дулдуйдан Ардчилал, эрх чөлөөны асуудал гаргаж ирсэн болохоос, амин хувийн эрх ашигийн төлөө эрхийн балай загнаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх овлигогүй, хариуцлагагүй, нийгмийн ухамсараа уландаа гишгэж биеэ тоосон БИ хэмээх хэнхэгүүдийг төрүүлэх гэж гаргаж ирээгүй л болов уу.
Бид зоригтой, зарчимч, тууштай, хариуцлагатай байх хэрэгтэй.
СОНГОЛТонд ХАРИУЦЛАГА гэж бий, харин ХАРИУЦЛАГАд СОНГОЛТ гэж үгүй.
М.Мөнхжаргал
No comments:
Post a Comment