1000 бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг гэдэг амьдралын энгийн үнэн. Бид ядаж нэг алхахгүй бол зогссон газраасаа хэзээ ч хөдлөхгүй гэдэг нь ч бас үнэн. Тэгвэл бидний ажил, амьдралын их аяны анхны алхам юу вэ?
Нэгэн сургалтан дээр фитнесийн багш маань турах, таргалах, галбиржих фитнес дасгалууд тийм ч хэцүү биш, хамгийн гол нь идэж уух, унтаж амрахаа зөв хослуулахыг хийж чаддаг хүн ховор байдаг учир цөөн хүн үр дүнг хүртдэг тухай хэлсэн. Мөн өөр нэгэн сургалтан дээр бас нэгэн багш ой тогтоолт, оюун ухаан сайжруулах 3 хүчин зүйл нь: Хоол, нойр, хөдөлгөөн гэж ярив. Зөв хоолоо идэх, зөв цагтаа амрах, зөв зохистой хөдөлгөөн гэх мэт... Өглөөний хүн номноос өөртэйгээ тэмцэж өөрийгөө ялан дийлэх тухай олон хүн бас уншсан байх. Өнөөгийн нийгэмд амьдралын буруу хэв маягаас болж л өвчин зовлон, бухимдал бий болж байгааг хаа сайгүй ярьдаг. Ингээд бодохоор Хүн гэж өчүүхэн амьтан идэх, унтах хэрэгцээндээ дарлуулж байж яаж Том мөрөөдөл, том зорилгодоо хүрнэ гэж санадаг юм бол...? Эхлээд идэх унтах хоёроо захирч сурчихвал өөр юунд ч өөрийгөө залаад сурчихдаг юм гэж багш минь хатуухан хэлсэн юм. Нөгөө бидний ярьдаг хэцүү сэдэв ЭГО, УХАМСАР зэрэг бол дараагийн алхам болж таарах нь. Ер нь тэгээд ДУРТАЙ - ДУРГҮЙ хоёрыг үндэс болгож шийдвэр гаргахаас ХЭРЭГТЭЙ - ХЭРЭГГҮЙ хоёрын үндэс болгож шийдвэр гаргаж сурсан цагтаа л хүн урагш нэг алхам ахидаг юм. Үүнийг сурахад туслах хамгийн том дасгал бол ХООЛ, НОЙРОО удирдаж сурах юм уу даа.Тэгхээр бидний ажил, амьдралын их аян, Том зорилгын анхны алхам юу болж таарав ?
Тэр бол унтах, идэхээ зохицуулж сурах юм шүү дээ.
Уруудах хүн унтах, идэх
Өөдлөх хүн санах, сэрэх хэмээх ардын цэцэн үгийг иш болгож энэ бичлэгээ өндөрлье.
Унтах идэхээ зохицуулах нь
Ухаант хүний чадвар юм шүү.
М.Мөнхжаргал
No comments:
Post a Comment