Sunday, September 14, 2014

АСУУЛТЫН ХҮЧ

Бид хүүхэд байхдаа л ээж, ааваасаа Энэ юу вэ? Яагаад? гэж асуудаг байсан. Өсөж том болсон ч цаг ямагт л аливаа зүйлийн талаар бусдаас асуухыг урьтал болгодог. Гэтэл бид өөрсдөөсөө хэр их АСУУЛТ асуудаг билээ?
Чухам яагаад асуултуудын тухай яриад байна вэ гэж зарим нэг нь гайхаж байж магадгүй. Уншигч таныг хэзээ хамгийн сүүлд АСУУЛТ – тай ухамсартайгаар ажилласанаа сайтар нэг эргэцүүлээсэй гэж хүсэх байна. Ихэнх хүмүүсийн хувьд АСУУЛТ амьдралд нь хэр их үүрэг гүйцэтгэж байгааг ч анзаарах сөхөөгүй амьдарч яваа. Анзаардаггүй гэдэг нь ач холбогдол өгдөггүй гэсэн үг.
АСУУЛТЫГ та өөрийнхөө сайн найз, багш, дасгалжуулагч, амьдралыг чинь өөд татах, ажлыг чинь урагшлуулах хэн нэгэн ачтантай зүйрлэн бодох хэрэгтэй. АСУУЛТТАЙ их нөхөрлөдөг хүмүүс асуудал багатай байдгийг ч бүү март. Ямар ч ухаантан байсан түүний сайн найз нь асуулт л байдаг.
АСУУЛТЫГ хэрэгцээтэй үед өөрөө зөнгөөрөө гарч ирээд, хэрэггүй үед таг алга болдог үл үзэгдэгч хэлбэрээр байлгаад байх юм бол танд болон таны амьдралд ямар ч өөрчилөлт гарахгүй гэдгийг батлаж чадах байна.
Тиймээс АСУУЛТ болгонд ухамсартай хандаж АСУУЛТЫГ амьд байлгаж сурах хэрэгтэй. Жишээ нь ХЭЗЭЭ, ХААНА, ХЭНТЭЙ, ЮУГ, ЯАЖ ярихаа мэддэг хүнийг харилцааны мэдрэмж сайтай хүн гэдэг. Тэгвэл ердөө л дээрхи 5 асуултыг өөртөө байнга тавьж сурах юм бол таны харилцаанд дэвшил гарна гэдэгт итгэж болно.
АСУУЛТ бол:
1.      Гайхамшигтай харилцааны хэрэгсэл.
2.      Маш сайн газарчин
3.      Асуудлыг шийдэгч
Ингээд танд нэгэн даалгаварыг үлдээе. Доорхи АСУУЛТУУДЫГ өөрөөсөө асууж хариултыг нь заавал олоорой.
1.      Би ХЭН бэ?
2.      Би ЮУНЫ ТУЛД амьдарч байна вэ?
3.      Би ЯАЖ зорилгодоо хүрэх үү?
4.      Би ХЭНТЭЙ хамтрах нь зөв бэ?
5.      Би ЮУНЫ тулд үүнийг хийх хэрэгтэй гэж?
Эдгээр АСУУЛТАД хариулт олж чадвал зүг чиг, мөн чанараа алдахгүй байж чадна. Мөн өөрийгөө таниж мэдэхэд тань туслах нэгэн чухал АСУУЛТЫГ танд санал болгоё. Энэ бол ЯАГААД хэмээх асуулт. Та яг одоогийн нөхцөл байдлаа ЯАГААД гэдэг асуултаар дүгнэж эхлээрэй. Урган гарч ирэх хариулт болгонд ЯАГААД хэмээх асуултыг үргэлжлүүлэн асуугаарай. Зах хязгааргүйгээр асуулт хариулт хөврөх болно. ЯАГААД гэж асууж болж л байвал эхлэлийн цэгт хүрэх болоогүй байна гэсэн үг. ЯАГААД гэж асуухад утгагүй санагдах тэр үед л та бүх учир шалтгааны угт буюу эхлэлийн цэгт хүрсэн байх болно.
Тэнд та жинхэнэ өөрийгөө олж харна. Магадгүй өөрөө өөртэйгээ ярилцах нь хэцүү бол таныг маш сайн ойлгох өөр хэн нэгэнтэй энэхүү ярилцлагыг өрнүүлээрэй. Гэхдээ үнэхээр өөрийгөө  таниж мэдье гэвэл ичиж санаа зоволтгүй, үнэнч шударгаар энэ ярилцлагыг өрнүүлэх ёстой гэдгийг битгий мартаарай.

АСУУЛТААР амьдралаа өөрчилсөн хүмүүс олон байдаг юм шүү. Танд ч бас амжилт хүсье.

No comments:

Post a Comment